Статистикийн R програм буюу R хэл

Сургалтын хөтөлбөрийн танилцуулга болон бусад мэдээлэл

R програмын тухай

R бол статистик тооцоолол болон визуалчлалд зориулагдсан нээлттэй эх бүхий програм хангамж болон програмчлалын хэлний цогц бөгөөд орчин үеийн статистикчдын эзэмшсэн байх үндсэн мэдлэг чадваруудын нэг болохын хамтаар дэлхий дахинд түүний хэрэглээ цаашид ч өсөн нэмэгдэх хандлагатай байна. Өнөөгийн байдлаар дэлхийн тэргүүлэх их сургуулиуд статистикийн сургалтын хөтөлбөр болон эрдэм шинжилгээ, судалгааны ажилдаа R програмыг өргөнөөр хэрэглэж байна. Тухайлбал дэлхийн тэргүүлэх нэр бүхий 20 их сургуулийн статистикийн хөтөлбөрүүд бүгд уг програмыг хичээлийн төлөвлөгөөндөө тусгажээ.

R нь програмчлалын хэл учраас орчин үеийн тулгамдсан асуудал болох big data analysis, data mining зэрэгт нэн тохиромжтой програм хангамжуудын нэг болжээ. Уг програмыг GNU General Public лицензийн дор үнэ төлбөргүй түгээдэг. Мөн голлох үйлдлийн системүүдийг (Windows, Linux, Mac, BSD болон бусад) бүрэн дэмжихийн зэрэгцээ сүүлийн үеийн статистик болон математикийн арга техникүүд тусгагдах нь хурдан (Matlab програмтай өрсөлдөхүйц) зэрэг олон сайн талтай юм.

Зорилго

R хэлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хэрэглээг нь дэмжих

Давуу тал

МУИС-ийн Статистикийн хөтөлбөрт багшилдаг, програмчлалын олон жилийн туршлага бүхий багштай

Онцлог

Програмчлалын хэлний ямар нэгэн суурь мэдлэг болон статистикийн гүнзгий мэдлэг шаардахгүй

Сургалтын хөтөлбөрийн тухай

"Статистикийн R програм, түүний хэрэглээ" сургалтын хөтөлбөрийн гол онцлог бол R-ыг програмчлалын хэл талаас хангалттай авч үзэхийн зэрэгцээ практикт өргөн хэрэглэдэг статистикийн аппаратуудыг тусгасан явдал юм. Энэ нь тус програмыг аливаа статистикийн судалгаа шинжилгээний ажилд бүрэн дүүрэн ашиглаж сурахад чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэе.

Сургалтын хэрэглэгдэхүүн

Сургалтын гол хэрэглэгдэхүүн болох үзүүлэн слайдыг LaTeX програмын Beamer класс ашиглаж чанарын өндөр төвшинд бэлдснээс гадна агуулгыг мэргэжлийн төвшинд боловсруулсан.

  • Ном сурах бичиг

    Г.Махгал, Ш.Мөнгөнсүх
    "Статистик програмчлалын R хэл"

    Дэлгэрэнгүй
  • Бичих код

    Үзүүлэн слайд дээрх R хэлний кодыг интернэтэд байршуулсан.

    R дээрх код

Сургалтын хөтөлбөрийн бүтэц ба агуулга

Бүлэг Сэдвийн тоо
A R хэлний үндэс 5
B R програмын хэрэглээ 5
  1. Статистикийн програмууд, тэдгээрийн зарим үзүүлэлтээрх харьцуулалт
  2. Програмчлалын R хэлний тухай ерөнхий ойлголт
  3. R програмыг суулгах заавар
  4. R програм дээр ажиллах байдал
  5. R хэлний багц болон функц зэргийн баримтжуулалт нээж үзэх тухай
  6. R хэл дэх өгөгдөлд холбогдох объектын төрлүүд
  7. Өгөгдлийг файлаас оруулахад ашигладаг scan(), read.table() функцүүд мөн өгөгдлийг файлд хадгалахад ашигладаг write.table() функц, ажлын огторгуйг хадгалах болон буцаан ачаалах
  8. R хэлний үндсэн операторууд, тэдгээрийн хэрэглээ;
    Операторууд нь аливаа үйлдлийг хийж гүйцэтгэх үндэс суурь учраас зайлшгүй эзэмших шаардлагатай юм.
  9. Шинэ оператор тодорхойлох;
    Хэрэгцээт үйлдлээ гүйцэтгэхэд шаардлагатай оператороо зохиож сурна.
  10. Функц, түүнийг зарлах, ашиглах болон холбогдох бусад зүйлс;
    Үүний дүнд R програмын функцүүдийг илүү үр дүнтэй ашиглахаас эхлэн улмаар өөрийн функцийг зохиож сурна.
  11. Хувьсагч болон функцийн үйлчлэх хүрээний тухай ойлголт. Хүрээний тухай ойлголт авснаар объектуудыг (хувьсагч болон функц) алдаа мадаггүй ашиглаж сурна.
  12. if оператор болон ifelse(), switch() функцүүд;
    Эдгээр нь тухайн нөхцөл байдлаас хамааруулан өөр өөр үйлдэл хийж гүйцэтгэх боломж олгодог.
  13. Давталтын операторууд (for, while, repeat) болон функцүүдээс (apply(), tapply() гэх мэт);
    Үүнийг эзэмшсэнээр олон дахин давтагдах ижил эсвэл төстэй үйлдлүүдийг хялбар програмчлах боломж нээгдэнэ.
  14. R хэл дээр үр ашигтай, хурдан ажиллах код бичих тухай
  15. Статистик өгөгдөл агуулдаг үндсэн объект болох датафрэйм дээр дараах зүйлсийг авч үзнэ. Үүнд: хувьсагч зохиох, хувьсагчийн нэр өөрчлөх, өгөгдөл устгах, өгөгдөл ялгаж авах, өгөгдөл нэгтгэх, төрөл хувиргах, эрэмбэлэх, хөрвүүлэх, шошго зүүх, кодлох, орхигдсон утгатай ажиллах, өгөгдлийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх зэрэг багтана.
  16. R програмыг статистик шинжилгээнд хэрэглэхтэй холбогдуулан дараах сэдвүүдийг үзнэ. Үүнд: тархалтуудтай холбогдох функцүүд, тайлбарлагч статистикууд, гистограм, хайрцган диаграмм, Q-Q диаграмм зэргийг байгуулахад ашиглах код болон тайлбар, статистик шинжүүрүүд, Пирсоны корреляцийн коэффициент бодох cor(), шугаман регрессийн шинжилгээний lm() функц, lm() функц дэх шугаман загварын томьёолол болон бусад нэмэлт зүйлс, зарим статистик шинжилгээ

Сургалтад хамрагдах

Сургалтад хамрагдах арга замууд
  • Хамт олон, хэсэг бүлгээрээ нэгдэн захиалга өгөх
  • Явж буй эсвэл төлөвлөж буй сургалтад хамрагдах
    facebook.com/r.club.in.mongolia хуудсыг Like дарж мэдээллээ цаг тухай бүрт нь авах боломжтой.
Одоо зохион явуулж буй болон явуулж өнгөрсөн сургалтууд
  1. 2018 оны 5 сарын 4,11,18, МУИС-ийн Багшийн хөгжлийн төвийн урилгаар, МУИС-ийн багш болон ажилчдад
  2. 2017 оны 1 сарын 9-13, ХУИС-ийн багш нарт
  3. 2016 оны 9 сарын 16-наас эхлэн хоёр долоо хоног тутамд нэг удаа, МУИС-ийн багш, оюутнуудад

Хөтөлбөрийн танилцуулга татах

Сургалтын хөтөлбөрийн танилцуулгыг PDF файл байдлаар татаж авах